tolgoi

Sunday, 20 October 2013

Сургуулийн өмнөх боловсрол

Сургуулийн өмнөх насны хүүхдийн хөгжил

....Сургуулийн өмнөх насны хүүхэд орчноо танин мэдэж харилцах, биеийн хөдөлгөөний үйлдэл, хэл яриагаараа илэрхийлэх, сэтгэл зовох болон шинэ санаа олох зэрэг үйлдлийн явцад танин мэддэг. Хүүхэд өөрөө хүсэж сонирхож, таашаалтайгаар хийх явцад жинхэнэ цогцоор хөгждөг. Ер нь сургуулийн өмнөх насанд хүүхдийн дотоод сэтгэл, ертөнцийг үзэх үзэл, өөрийн ухамсар болон бусадтай харилцах хандлага зэрэг нь юуны түрүүнд төлөвшдөг. Хүний хөгжил нь оюун ухаанаас биш, сэтгэлийн хөгжлөөс эхэлдэг....
Эх  сурвалж:"Хүүхдийн хөгжүүлэх менежмент" Н.Тэгшжаргал 2013 он

        Сургуулийн өмнөх боловсролын агуулга нь: хүүхдэд бие бялдрын хувьд эрүүл чийрэг, хэл яриа, хараа, сонсгол хэвийн, үндсэн хөдөлгөөнүүдийг зөв гүйцэтгэдэг, ариун цэвэр, эрүүл ахуйн анхны хэвшилтэй болгох, сэтгэн бодох чадварыг хөгжүүлэх, хүмүүнлэг ёс, байгалын юмс үзэгдлийн талаар анхдагч ойлголт эзэмшүүлэх, хүрээлэн байгаа орчин, эд юмс, үйл явдлыг дүрслэн зурах, урлан бүтээх, дуулах, хөгжимдөх, бүжиглэх анхны төсөөлөлтэй болгох, эцэг эх, ах эгч, дүү, бусад хүнийг хүндэлж, эелдэг харьцаж сурах, бие даасан, эвсэг нийтэч чанарыг хөгжүүлэх, бага боловсрол эзэмшихэд бэлтгэж, санаа бодлоо зөв илэрхийлэх, бусдыг ойлгох, өөртөө үйлчлэх дадал, чадвартай болгох, сурч мэдэх эрмэлзэл төлөвшүүлэхэд чиглэнэ.    /Эх сурвалж: Монгол Улс СӨБ тухай хууль УБ.,2009 он/ 

Сэдэвт тоглоом
Сэдэвт тоглоомд хүүхэд гол төлөв ямар нэг том хүний дүрийг сонгон авч, түүний ажил үйл, харилцааг дуурайн дүрсэлдэг. Сэдэвт тоглоомд ийнхүү хүүхдийн орчных нь бүх үйл явдал тусгалаа олдог учир энэхүү тоглоом нь тэдний мэдлэг, төсөөлөл өргөжихэд нэн тустай. Мөн хүүхдийн бие даасан байдал, бүтээлч сэтгэлгээ, хэл яриа, сэтгэхүй хөгжих, зан харилцаа төлөвшихөд энэхүү тоглоомын нөлөөлөл их.
Хүүхэд тухайн дуурайн дүрсэлж байгаа хүний ажил үйлийн талаар тодорхой мэдлэгтэй байвч үйл ажиллагаа гүйцэтгэхдээ бусадтай хэрхэн харилцдагийг мэдэхгүй бол дүрээ дүрслэн бүтээж чаддаггүй байна. Иймд хүүхдийг ямар нэг хүний ажил үйлтэй танилцуулахдаа ямар багаж хэрэгсэл ашиглан юу хийж бүтээдгийг ойлгуулахын зэрэгцээ тухайн хүн ямар хүмүүстэй хамтран ажилладаг, тэдний хийж буй зүйл хоорондоо ямар холбоотой байдаг, тэд хоорондоо хэрхэн харилцдаг зэрэгт хүүхдийн анхаарлыг зайлшгүй хандуулах шаардлагатай байдаг байна. Жишээлбэл, сургуулийн өмнөх насны хүүхэд ямагт “Айл гэр” болж тоглох дуртай, сонирхолтой байдаг. Учир нь “Айл гэр” сэдэвт хамрагдах хүмүүсийн хоорондын харилцааг хүүхэд өдөр тутам мэдэрч байдаг бөгөөд хүүхэд өөрөө энэ харилцаанд оролцдог болохоор дүрүүдийг дуурайж дүрслэхэд тэдэнд хялбар байдаг ажээ. Ийнхүү хүмүүсийн хоорондын харилцаа сэдэвт тоглоомын гол агуулга болдог.
Тоглоомын явцад хүүхэд дуурайн дүрсэлж байгаа рольдоо яг бодит байдал дээр байгаа юм шиг хандаж харьцдаг. Ийм хандлага, харьцааг бий болгохын тулд дараах нөхцөлийг бүрдүүлэх шаардлагатай.
• Хүмүүсийн хийж гүйцэтгэдэг ажил үйл, түүний ач холбогдол, тэдний хоорондын харилцаа, хэрэглэгдэх материаллаг зүйлсийн талаар хүүхэд тодорхой мэдлэг төсөөлөлтэй байх
• Тухайн ажил үйлд хэрэглэгддэг зүйлсийг дуурайлган хийсэн тоглоом наадгай, хэрэглэлийг бэлтгэсэн байх
• Тоглох орчноо бүрдүүлэхэд шаардагдах зай талбайтай байх, тоглоомын санаа, зорилгоо хэрэгжүүлэхэд хүрэлцэхүйц цаг хугацаа олгох
Тоглоомын агуулга, хүүхдийн харилцаанд хэрхэн нөлөөлөх вэ?
Сэдэвт тоглоомыг багш “тоглоомын явц”-д удирдаж чиглүүлэхээс гадна “тоглоомоос бусад үе”-д хүүхдэд мөн нөлөөлнө.
Тоглоомоос бусад үеийн үйл ажиллагаа: Энд хүүхдийн тойрон хүрээлж буй орчин, хүмүүс, хүмүүсийн хоорондын харилцаатай танилцах бүхий л үйл ажиллагаа хамрагдана. Жишээлбэл, зугаалгаар хүүхдийн анхаарлыг тодорхой зүйл (замын цагдаа, дэлгүүрийн худалдагч, талх, боовны цехийн ажилтны гүйцэтгэдэг ажил үйл, хамтран ажилладаг хүмүүс, тэдний хоорондын харилцаа гэх мэт)-д чиглүүлж ажиглуулах, ажигласан зүйлийнхээ талаар өдрийн явцад ярилцах, дүрслэн зурах, бүтээх, холбогдох үлгэр, өгүүллэг уншиж өгөх, зураг дээр ярилцах, DVD үзэх гэх мэт. Энэ нь хүүхдийн сэдэвт тоглоомын агуулга өргөжихөд тустай. Хүүхдийн гэр бүлийнхээ хүрээнд олж авсан мэдлэг төсөөлөл нь энд мөн хэрэг болно. Жишээлбэл, аав, ээжтэйгээ дэлгүүр явж хүнс, бараа цуглуулах, эмчид үзүүлэх.. Тэгэхээр цэцэрлэгээс гадуур үзэж харсан, оролцсон үйл явдлынх нь талаар багш хүүхдээс асууж ярилцах, өөрийнхөө санааг нэмж хэлэх зэргээр хүүхдэд ойлголт, төсөөллөө тоглоомын агуулгадаа тусгаж ашиглахад тусална.
Тоглох явцад тоглоомын агуулгад нөлөөлөх нь:
Хүүхдүүд ямар нэг сэдэв, дүрийг сонгосноор сэдэвт тоглоом эхэлнэ. Тоглоомын сэдвийг сонгоход багш хүүхдийн гаргасан санал санаачилга дээр тулгуурлан асуулт тавих, саналаа хэлэх, наадгай хэрэгслийг бэлтгэн тавих зэргээр хүүхдэд тусална. Тоглоомын сэдвийг сонгохтой холбогдуулж багшийн хэлж ярьсан зүйл хүүхдэд үүрэг даалгавар биш, санал зөвлөлгөө байдлаар тусгагдахаар байна. Тоглоомын явцад багш хүүхдэд дүр бүтээхэд нь дэмжлэг үзүүлж, тоглоомын агуулгад нөлөөлнө. Ингэхдээ багш өөрийн санаа, санаачилгыг ихэвчлэн чиглүүлэх асуултаар илэрхийлнэ. Жишээлбэл, “Ээж хүүхдэдээ ямар хоол хийж өгөх гэж байна вэ?”, “Хүүхдээ хооллосны дараа унтуулах уу эсвэл гадаа агаарт авч гарч тоглуулах юмуу?” гэх мэт. Хүүхэд заримдаа дүрсэлж байгаа зүйлд нь шаардагдах мэдлэг дутсанаас багшаас асуух тохиолдол гардаг. Энэ үед багш хүүхдийн анхаарлыг тоглоомын агуулгаас хөндийрүүлэхгүй товч тодорхой хариулт өгнө. Мөн үзэж харсан, оролцож байсан үйл явдлыг сануулж болно. Багш өөрөө ямар нэг дүрийг авч хүүхдүүдтэй хамтран тоглож тоглоомын агуулга, хүүхдүүдийн хоорондын харилцаанд нөлөөлж болно. Гэхдээ хүүхдийн идэвх санаачилга, бие даасан байдлыг боогдуулахгүйн тулд гол дүрийг авахаас зайлсхийх хэрэгтэй. Жишээлбэл, “Эмч” сэдэвт тоглоомд сувилагч, “Дэлгүүр” сэдэвт тоглоомд худалдан авагчийн дүрд тоглож болох юм.
Хүүхдийн хоорондын харилцаанд нөлөөлөх нь:
Сэдэвт тоглоомын явцад хоёр төрлийн харилцаа зэрэгцэн оршино. Нэг нь хүүхдийн дүрслэн бүтээж байгаа дүр (аав, ээж, эмч, багш гэх мэт)-ийн бусад дүрүүд рүү хандаж байгаа харилцаа, нөгөө нь хамтран тоглогч хүүхдүүдийн хоорондын харилцаа. Өөрөөр хэлбэл, дүрслэгдэж буй дүрийн харилцаа, тоглоомд оролцож байгаа хүүхдүүдийн хоорондын бодит харилцаа зэрэгцэн оршино. Тоглоомын явцад багш энэ хоёр харилцааны аль алинд нь анхаарлаа хандуулж ажиглана. Дүрүүдийн хоорондын харилцаанаас томчууд бид хүүхдэд хэр зэрэг эерэг, сөрөг нөлөөлөл үзүүлж байгаадаа дүн тавьж болно. Жишээлбэл,
Нэгэн залуухан ээжийн яриаг энд иш татъя. Манай хүү удахгүй 3 хүрнэ, цэцэрлэгт явдаггүй гэртээ байдаг юм. Нэг өдөр миний ахын охин манайд ирж, хүү маань түүнтэй хамт тоглож байснаа “Чи уу, уу. Маяглаад байх юм" гээд ам руу нь аягаар юм цутгаж гарлаа. Тэгэхээр нь “Чи юу уулгах гээд байгаа юм бэ?” гэсэн чинь харин “архи” гэдэг байх шүү. Нөхөр бид хоёр гайхаж, хэнээс ийм юм олоод харчихав аа гээд эмээ өвөө рүү нь хүртэл утасдаж, хэрэгтэнг хайлаа, олдоггүй. Тэгээд хүүгээсээ “Чи архи хүнд уулгахыг хэнээс харсан юм бэ? гэсэн чинь “ааваас” гэдэг юм байна. Тэгээд бодоод байсан чинь арваад хоногийн өмнө манай нөхрийн ангийнхан манайд ирсэн юм. Тэр үед л ийм хэрэг явдал болсон нь тодорхой болсон доо. Хүүхэд хараагүй, анзаараагүй юм шиг байсан мөртлөө бүгдийг тусгаад авчихдагийг бид анзаардаггүй юм билээ.
Нөгөөтэйгүүр хүүхэд тоглоомын явцад нэгнийхээ үгийг сонсож, хоорондоо зохицож чадаж байна уу, үгүй юу гэдэгт багш анхаарна. Хүүхдийн хоорондын харилцаа сайн, бие биеэ ойлголцсон байдалд байвал хүүхдүүд удаан хугацаагаар хөгжилтэй тоглоно. Мөн идэвх санаачилга, зохион байгуулах чадвар сайтай хүүхэд гол дүрүүдийг авч, өөртөө итгэл муутай, дуу цөөнтэй зарим хүүхэд хамтын тоглоомд оролцохгүй байх, оролцсон ч туслах чанарын үүрэг гүйцэтгэх нь ажиглагддаг. Ийм хүүхдийн бага ч болов зүтгэл чармайлтыг багш дэмжиж урамшуулах, хамтран тоглох боломжийн найз олж өгөх зэргээр тусалж болох юм. Тоглоомын төгсгөлд хэн хэнтэй яаж тоглосон, юу нь таалагдаж, сайхан байсан, юу таалагдаагүй зэргийг хүүхдүүдээр дүгнүүлэн яриулж болно. /Эх суралж Н.Норжхорлоо Давалгаа сайтаас/

No comments:

Post a Comment